Нүүр хуудас ХЗХ гэж юу вэ?

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШОО ГЭЖ ЮУ ВЭ?

Хадгаламж, зээлийн хоршоо (цаашид ХЗХ гэх) нь өөрийн гишүүддээ хадгаламж, зээлийн болон санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлдэг, гишүүдийнхээ төлөө үйлчилдэг, гишүүдийн эзэмшилд байдаг, ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн улс орнуудад өөр өөр нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
 
ХЗХ-ны гишүүнчлэл нь тодорхой нэг бүлэг, байгууллага, шашинд хамаарагддаг, тодорхой нэг ажил хөдөлмөр эрхэлдэг хадгаламж эзэмшигчид болон зээлдэгчдийн нэгдэлд үндэслэдэг.
 
 

ХЗХ нь гадны санхүүгийн эх сурвалжийг эрж хайхаас илүүтэйгээр гишүүдийнхээ хадгаламжийг нэг дор хуримтлуулж, уг хуримтлалаас гишүүддээ зээл олгодог. Түүнчлэн гишүүддээ өндөр хүүтэй хадгаламж, бага хүүтэй зээлийн үйлчилгээг санал болгодог бөгөөд үйлчилгээний шимтгэл харьцангуй бага байдаг.

ХЗХ нь зөвхөн санхүүгийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүйгээр гишүүдийнхээ өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй зүйлсийг санхүүжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал, жижиг бизнес эрхлэх, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх, ферм байгуулах, хувийн орон сууцаа тохижуулах, хүүхдүүдийнхээ боловсролыг дээшлүүлэх зэрэг гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлдэг.

Тухайн хоршооны хэмжээнээс үл хамаарч гишүүн нэг бүр хоршооны удирдах зөвлөлд нэр дэвшиж, улмаар хоршооны хуралд саналын эрхтэй оролцох боломжтой. Зарим улс оронд ХЗХ-ны гишүүний хувьд хоршоогоороо дамжуулж амьдралдаа анхны ардчилсан шийдвэрээ гаргасан тохиолдол ч байсан байна.