Нүүр хуудас 9 зарчим

Үйл ажиллагааны 9 зарчим
        Дэлхий даяар хадгаламж, зээлийн хоршоод нь шудрага ёс, эв нэгдэл, эрх тэгш байдал гэсэн хоршооны үнэт зүйлсийг дээдлэн, үйл ажиллагааны дараах зарчмуудыг дагаж мөрддөг. Үүнд:

 


Ардчилсан бүтэц

  • Нээлттэй сайн дурын гишүүнчлэл
  • Ардчилсан хамтын удирдлага ба хяналт
  • Үл ялгаварлал

Гишүүдэд хүргэх үйлчилгээ

  • Гишүүдэд хүртээмжтэй байх
  • Санхүүгийн тогтвортой байдлыг хангах
  • Гишүүдэд өгөөжтэй үйлчилгээ үзүүлэх

Нийгмийн зорилго

  • Байнгын сургалт, боловсрол
  • Хоршоод хоорондын хамтын ажиллагаа
  • Нийгмийн хариуцлага

Ардчилсан тогтолцоо
 

Сайн дурын, нээлттэй гишүүнчлэл. Уг зарчим нь аливаа хадгаламж, зээлийн хоршоо нь үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй, холбогдох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх чадвартай  иргэн бүрт нээлттэй байдаг сайн дурын гишүүнчлэлийн байгууллага юм. Гишүүнээр элсэх, гишүүнээс гарахад ямар нэгэн хориг тавихгүй байх зарчим үйлчилдэг.  

Ардчилсан хамтын удирдлага ба хяналт. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүд оруулсан хувь хөрөнгө, хадгаламж, эрхэлж буй бизнесийн хэмжээнээс хамаарахгүйгээр саналын тэгш эрхтэй (нэг хүн - нэг санал) -гээр шийдвэр гаргалтанд оролцох, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, бодлогоо хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч гишүүдийнхээ удирдлага, хяналтан дор ажилладаг ардчилсан байгууллага юм.


Үл ялгаварлалт. Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүдээ арьс өнгө, үндэс угсаа, хүйс, шашин шүтлэг улс төрийн харъяалал зэргээр үл ялгаварлана.     

Гишүүдэд хүргэх  үйлчилгээ    
    
Хүртээмжтэй. Хадгаламж зээлийн хоршооны ашиг хуваарилалт нь гишүүн бүрт хүртээмжтэй байх ёстой. Хадгаламж, зээлийн болон бусад үйлчилгээ үзүүлэх замаар гишүүдийн амьдралыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, хоршооны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй хэмжээнд хадгаламжийн болон зээлийн хүүг тогтооно. Хоршооны үйл ажиллагааны болон санхүүгийн зардлыг нөхөж, зээлийн эрсдлийн сан, нөөцийн сангаа зохистой хэмжээнд байгуулсаны дараа үлдсэн ашгаа гишүүддээ хуваарилна. Ашгаа гишүүддээ хуваарилахдаа оруулсан хувь хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн ногдол ашиг хэлбэрээр буюу гишүүддээ үзүүлэх нэмэлт үйлчилгээ хэлбэрээр хуваарилна. 

Тогтвортой. Хоршоо нь өөрөө өөртөө туслах байгууллага бөгөөд гишүүдийнхээ хяналтын дор ажилладаг, гишүүддээ үйлчлэн, гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих байгууллага мөн. Хоршоо үйл ажиллагааныхаа үр дүнд өөрийн нөөц хөрөнгийг (нөөцийн сан) бий болгох замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлж, улмаар гишүүддээ тогтвортой, байнгын, урт удаан хугацаанд үйлчилгээгээ хүргэнэ.  

Өгөөжтэй. Хадгаламж, зээлийн хоршооны үйлчилгээ нь бүх гишүүдийнхээ эдийн засаг, нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байна.  

Нийгмийн өмнө хүлээх үүрэг

Тайлбарлан таниулах. Хадгаламж, зээлийн хоршоод өөрийн гишүүд, ажилтан, албан хаагчдаар дамжуулж нийт иргэдэд хадгаламж, зээлийн хоршоодын эдийн засаг, нийгмийн ач холбогдол, удирдлагын ардчилсан тогтолцоо, харилцан туслах зарчмыг тайлбарлан таниулна. Гишүүддээ тэдгээрийн  эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарлуулан, хуримтлалын ач тус, зээлийн ухаалаг зарцуулалт болон бусад нийгэм, эдийн засгийн асуудлаар сургалт явуулна.  

Хамтран ажиллах. Гишүүдийнхээ болон хоршооныхоо ашиг сонирхлын үүднээс, хоршооллын хөдөлгөөнийг бэхжүүлэх хөгжүүлэхийн төлөө бүс нутаг, улс орон  олон улсын хэмжээнд бусад хоршоод, холбоодтой идэвхитэй хамтран ажиллана. 

Нийгмийн нийтлэг эрх ашиг.  Хоршоо нь гишүүдийнхээ ашиг, сонирхлыг ямагт хамгаалж, нийгмийн дэвшил хөгжлийн төлөө ажиллана. Хадгаламж, зээлийн хоршоо нь хүн, нийгмийн хөгжлийн төлөөх хоршоог үүсгэн байгуулсан анхдагчдын үйлсийг үргэлжлүүлэн  ажиллана. Шийдвэр гаргахдаа гишүүний болон нийгмийн нийтлэг эрх ашгийг аль алийг нь харгалзана.